Эрчим хүчний яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-тай хамтран ажиллах санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хамтарсан хяналт шалгалт хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар санал нэгдсэн юм.
Эрчим хүчний барилга угсралтын ажил эхлэхээс хяналт тавих, шугамын алдагдлыг бууруулах, улс орны хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон төслийн явцад тогтмол хяналт тавьж, шалгалт хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга танилцуулав.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын бүх түвшний ажлуудад харилцан уялдаатай ажиллаж, МХЕГ-ын санал, зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөг энэ гуравдугаар сард багтаан батлахаар болов.