Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2023.01.31/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 47байгууллага оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Хурлын эхэнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК мэдээлэл хийсэн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7%-аар өссөн бол, 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45%-аар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбон тайлбарлалаа. Мөн 2023.01.24-ний өдөр эрчим хүчний систем 1474МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн. Мөн дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо.
Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон юм.